Утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өдөрлөг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-30 14:31:43

МЗХ-ноос “Уушгиа чөлөөлье” аяны хүрээнд өчигдөр утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон зориулалтын утааны маск зэрэг уушги хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогч 10 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.

 Мөн агаарын бохирдлын хор уршиг хүний биед хэрхэн нөлөөлдөг, түүнээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаар Сонгдо эмнэлгийн эмч С.Нямгэрэл зөвлөгөө өгч , МЗХ-ны дэргэдэх Байгаль орчны байнгын хороон дарга, доктор дэд профессор Ч.Сономдагва агаарын бохирдлын талаарх сонирхолтой судалгаа танилцуулсан юм.

Өдөрлөгт утааны зориулалтын маск 1500-80.000, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 800.000-1.000.000, утаагүй зуух 110-395 мянган төгрөгийн үнэтэй байв.

Жил ирэх тусам нийслэлийн утаа нэмэгдэн, бүр гамшгийн хэмжээнд тулаад байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 2014 оны статистикаар нийт хүн амын 50 орчим хувь амьдардаг Улаанбаатар хотод жилдээ 6,500-7,500 орчим хүн нас бардаг. Хүүхдүүдийн 130 орчмын нас баралтын шалтгаан нь агаарын бохирдлоос улбаалсан байна. Насанд хүрэгчдийн хувьд 7,000 хүн нас барахад 1,400 орчим нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр нас барсан байна. Тиймээс утаа буурах болов уу, төр засаг юу хийх  бол гэж хүлээлгүйгээр утаанаас  уушгиа хамгаалах  аргад суралцах нь хамгийн зөв зам болоод байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ