Сар шинийн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-30 12:49:45

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг  бууруулах ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй сар шинийн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд үргэлжилж байна.

Үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашемир ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа учраас бусад худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Мөн хөдөө орон нутгаас сүү цагаан идээгээ борлуулахаар ирсэн иргэд цөөнгүй байв. Үзэсгэлэн худалдаанд ааруул 1 кг нь 8000, савхин бээлий бөөний үнэ нь 9000, ноосон бээлий, ороолт 5000-6000, чацарганы шүүс 5000, 1 литр сүү 1500 төгрөг, 150 ширхэгээр ууталж савласан бууз 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын  бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.

Тус үзэсгэлэн худалдаа ирэх сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ