"Цагаан сар-2016" үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-01-29 14:08:37

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор 17 дахь жилдээ Залуучууд театрт нээгдлээ.

Үзэсгэлэнг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал О.Болормаа нар нээж үг хэлээ. Үзэсгэлэн худалдаа нь цагаан сарын баяраар хэрэглэгддэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг иргэд нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Үүнд: үндэсний дээл хувцас, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс, хөөрөгний даалин, тамхины болон аяганы уут, хавтага, таваг, цар, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараа байна.

Мөн гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, чихэр, жимс, хүнсний ногоо, төрөл бүрийн хоол амтлагч, ундаа, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдаж байна. “Эдгээр бараа бүтээгдэхүүн үнийн хувьд дэлгүүр, захын үнээс хямд доогуур байхыг эрхэмлэсэн” гэж нээлтэд үг хэлсэн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал О.Болормаа онцлов. Энэ удаа өөрийн аймгаас гадна Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг бусад аймгууд болон Улаанбааатар хотоос ирсэнтэй нийт 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд, 80 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-нийг дуустал дөрвөн хоног үргэлжилнэ.

                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ