АСЕМ-д үйлчлэх автомашин импортлогч компани өөрийн хөрөнгөөр оруулж ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АСЕМ-ийн чуулганы үеэр үйлчлэх 320-350 автомашин болон бусад техник хэрэгслийг татвараас чөлөөлөл асуудлыг хэлэлцлээ.
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 15-16-нд болно. Тус уулзалтад 51 орноос 3500-4000 төлөөлөгч ирж оролцох бөгөөд үүнээс 15 орны төрийн тэргүүн хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна.
Дээд түвшний зочдод үйлчлэх 320-350 автомашиныг импортоор оруулж ирэх бөгөөд эдгээрийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн УИХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн. Харин чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал Ж.Энхбаяр гишүүн “Хоёрхон хоног зочдод автомашин унуулах гэж 7 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх гэж байна. Үүний оронд Монголдоо байгаа автомашинуудыг 2-3 сая төгрөгөөр түрээслэж авах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн автомашинуудыг ч дайчилж болно. Дотоод нөөц бололцоогоо ашигла. Хэтэрхий өндөр тоо орж ирж байна” гэсэн бол О.Баасанхүү гишүүн ямар компани, ямар үнэтэй, ямар маркийн автомашин оруулж ирэх гэж байгаа мэдээллийг авахыг хүссэн юм.
Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга С.Баярцогт “Олон улсын өндөр дээд хэмжээний энэ том чуулганыг Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ бол олон улсад Монголын нэр хүндийг өргөх том ач холбогдолтой. АСЕМ-ийн чуулган хоёр өдөр л болох мэт харагдаж байгаа ч үнэндээ 2-3 сар үргэлжилж, 6-7 том арга хэмжээ шат дараатай болно.
Өнөөдрийн байдлаар 15 орны төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтан ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс бид харьцангуй өндөр шаардлага хангасан автомашин, техник хэрэгслийг ашиглах шаардлага гарч байгаа. АСЕМ-ийн зочид бүгд өөрсдийн зардлаар ирнэ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ч тодорхой хариуцлага хүлээнэ” гэв.
Мөн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг “АСЕМ-ийн зочдоос төрийн тэргүүнүүдэд автомашинаар, бусад зочдод автобусаар үйлчлэхээр төлөвлөж байгаа. Автомашинуудын хувьд нэг хүнд цуваагаар таван автомашин үйлчлэхээс хоёр нь хамгаалалтынх байна. Хамгийн гол нь аюулгүй байдлыг хангасан баталгаатай, марк загвар сайн автомашинаар үйлчлэх шаардлагыг бидэнд тавьж байгаа. Импортлогчдын хувьд Монголд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуйн нэгжтэй ярилцаж байгаа. Мерседес Бенз, BMW, Моннис, Тоёота гэх мэт. Тэд өөрсдийн хөрөнгөөр автомашинуудыг оруулж ирэх учир татвараас чөлөөлөх дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. АСЕМ-ийн үеэр энэ автомашинуудыг ашиглаад буцаагаад худалдах юм. Харин тусгай зориулалтын болон цагдаагийн автомашинууд бас шаардагдаж байгаа учир эдгээрийг улсын төсвөөс авах болсон. Дараа нь үүнийг шаардлагатай газар нь хуваарилах байх” гэсэн хариулт нэмж өгөв.
Автомашинаас гадна дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлагатай байгаа аж.
Ингээд чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, 77.3 хувийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.