"Хэрэглэгчийн жил"-д зөрчилтэй компаниудыг зарлана

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-25 15:50:23

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр өнөөдөр албан өрөөндөө мэдээлэл хийлээ.

“Сүүлийн үед НӨАТ-тай холбоотой гомдлууд их гарч байна. Албан байгууллагууд үнээ нэмэхийн сацуу зохиомол хямдрал зарлаж байгааг цаг тухайд нь шалгаж байна. Үүнээс гадна Барс, Нарантуул захад хяналт явуулахад "Арвайн үндэс" ХХК-иас шинээр үйлдвэрлэж байгаа архиндаа урамшуулал зарласан нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс бид 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан. УБТЗ-аас тасалбараа алга болгосон тохиолдолд дахин худалдан авах, мөн тасалбар дээр нэмж цай, ор хөнжлийн мөнгө нэхэх, бэлэн бус төлбөрийг зөвхөн Хаан банкны картаар төлөх шаардлага тавих зэргээр хэрэглэгийн эрхийг ноцтой зөрчиж байгааг илрүүлсэн. Одоогоор дээрх зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгөөд байна" гэж тэрбээр мэдэгдлээ. Энэ оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгосон. Үүнтэй холбоотой ШӨХТГ гурван сая хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд бодитой томоохон шинэчлэлт, өөрчлөлт хийх төлөвлөгөө гаргасан бөгөөд зөрчилтэй компаниудыг олон нийтэд зарлана гэв. Мөн  "Хэрэглэгчийн эрхийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих, архи, тамхи, био бэлдмэлтэй холбоотой хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох, СӨХ болон цахилгаан, дулааны төлбөрийг шилэн болгох шинэлэг  олон ажлыг ШӨХТГ хийх юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ