"Төрийн мэдээлэл"-д Сонгуулийн хуулийг нийтэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан бусад хуулийг нийтэлж, уг хуулийг баталгаажуулаа.
Энэ хуулиар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа.
Хуульд зааснаар сонгууль хувь тэнцүүлсэн /пропорциональ/, олонхийн /мажоритар/ гэсэн тогтолцоотой байж болох бөгөөд хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийг дангаар, эсхүл хосолсон байдлаар явуулж болохоор зүйлчилсэн. Хосолсон сонгууль нь зэрэгцээ /параллель/, холимог байдлаар явагдаж болохоор хуульчилсан.
Сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрөлтэй, Ерөнхийлөгчийн сонгууль нь анхан шат, хоёр дахь шаттай байхаар хуульд тусгагджээ.
Сонгуулийн тухай хуульд, 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй, 45 хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй, 25 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж хуульчилсан байна.
Мөн хуульд Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй, эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.
Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн УИХ-ын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй бол УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд УИХ-д суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно. Харин тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.
Хуульд мөн ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлах бөгөөд санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоохоор заасан. Харин УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг УИХ тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор хуульчилсан байна.
Мөн хуулийн “Сонгуулийн сурталчилгаа” гэсэн бүлэгт сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасан. Түүнчлэн “сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”. гэж заасан байна.
Үүнээс гадна саналын хуудас, санал авах ажиллагаа, санал хураалтын дүн гаргах, нэгтгэх үйл ажиллагаа, ажиглагч, маргаан шийдвэрлэх зэрэг хариуцлагын асуудлыг нарийвчлан тусгасан байгаа юм.
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаарт, дээрх хуулиас гадна, зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэлжээ.
Н.Туяа