2016 онд Оросын инфляцын түвшин 10.5 хувьтай байна

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-21 12:51:15

НҮБ. /TASS/. 2016 оны дүнгээр ОХУ-ын инцляцын түвшин 10.5 хувьтай байх бол 2017 онд 7.1 хувь болж буурна. Ингэхдээ ДНБ-ий өсөлт ойрын хоёр жилд 0-1.2 хувиас өөрчлөгдөхгүй гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын “Дэлхийн эдийн засгийн байдалд ба хэтийн төлөв” нэртэй тайланд дурджээ. Уг тайланг лхагва гарагт нийтэлсэн байна.

НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор, 2015 онд Оросын ДНБ 3.8 хувиар буурсан бол инфляцын түвшин 15.9 хувьтай байсан нь 2012 оныхоос гурав дахин өссөн үзүүлэлт юм. Нефтийн үнэ буурсан болон Украины эргэн тойронд үүссэн байдалтай холбоотойгоор АНУ болон Европын Холбооноос авсан хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Барууны орнуудын авсан хориг нь хөрөнгө гадагш урсахад болон хөрөнгө оруулалт буурахад хүргэжээ.

Дээрх тайланд мөн улсад нь хориг арга хэмжээ авахад оролцсон орнуудын хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан ОХУ-ын хориг хэвээр байгааг онцлон дурдсан байна. Энэ нь юуны өмнө Балтын тэнгисийн орнууд болон Унгар, Польшийн эдийн засагт нөлөөлж байгаа юм. НҮБ-ын мэргэжилтнүүд мөн  2014 оны эхэн үеэс өнгөрсөн оны 10 дугаар сарын хооронд Оросын валютын ханш 50 хувиар буурсанд мөн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бага байгаад анхаарлаа хандуулжээ. Тус улсад 2001-2007 онд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 5.4 хувьтай байсан бол 2009-2014 онд 2 хувь хүрч буурсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ