Цэцэрлэгийн багш нар сайн үйлсийн клуб байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-20 13:38:51

Цэцэрлэгт хамрагдаагүй, гэртээ хүмүүжиж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлийн нь орчинд сурч хөгжихөд туслах зорилго бүхий нэгэн клубыг цэцэрлэгийн багш нар санаачлан байгуулжээ.

Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 7 цэцэрлэгийн залуу багш нар “Тэмүүлэл” нэртэй энэ клубт нэгдэж байгаа бөгөөд клубын үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан үйлсэд чиглүүлэх, ялангуяа өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ийнхүү гэртээ хүмүүжиж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохыг гол зорилго болгожээ.

Клуб “Номын өглөг” аян зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн байна. ЕБС-ийн сурагчдын дунд “Номын өглөг” аян зохион байгуулснаар үлгэрийн ном цуглуулж, цуглуулсан номоо гэртээ хүмүүжиж байгаа 30 шахам хүүхдэд бэлэглэсэн гэж клубын ахлагч Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Б.Пүрэвмаа хэллээ. Ном бэлэглэхийн зэрэгцээ хүүхэддээ үлгэр хэрхэн уншиж өгөх талаар эцэг эхэд ч зөвлөмж өгчээ.

Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд сар шинийн баярын идээ бэлдэж өгөхөөр зэхэж байгаа гэлээ.

Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа ч залуу багш нар энэ мэтээр нийгэмд тустай үйлст бага ч гэсэн хувь нэмэр оруулна. Энэ хэрээр өөрсдийн нийгмийн идэвхи оролцоог сайжруулахыг чухалд үзжээ.  

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ