Хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
mn_tuul@montsame.mn
2016-01-18 17:04:21

Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Анх 1991 оны нэгдүгээр сарын 18-нд Засгийн газар өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор 13 тоот тогтоол гарган, Хөрөнгийн биржийг байгуулснаар хөрөнгийн зах зээлийн үндэс суурийг тавьсан.

Өмч хувьчлалыг 1992-1995 оны хооронд явуулсан бөгөөд тухайн үед 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 475 улсын үйлдвэрийн газрын нийт 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд олгосон байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу бидний мэддэг цэнхэр ягаан тасалбар олгох замаар хэрэгжүүлсэн юм.

Анхны анхдагч зах зээлийн арилжаа 1992 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр явагдсан бол харин 1995 оны 8 дугаар 28-ны өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг нээсэн юм. Энэ нь иргэдэд өмч хувьчлалаар авсан хувьцаагаа бирж дээр худалдан бэлэн мөнгө болгох боломжийг бүрдүүлжээ. 
Харин хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гарган хөрөнгө оруулалт босгох үйл ажиллагаа 1996 оноос эхэлсэн бөгөөд анхны үнэт цаасыг Монгол Улсын Засгийн газар гаргаж байжээ. Хөрөнгийн зах зээлийн хувьд өнгөрөгч 2015 он олон түүхэн амжилтыг гаргасан жил болсон ба тодруулбал, зах зээлийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнтэй үнэт цаасны арилжаа хийсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ