"Лалын улс" Ирак, Сирид эзэлсэн газар нутгийнхаа 30 хувийг алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэл Иракт эзэлсэн газар нутгийнхаа 40 хувийг алдсан. Мөн Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн баруун нутгийн Анбар мужийн Хадита хотын ойролцоох газар нутгийн хяналтыг буцаан авсан гэж АНУ тэргүүтэй эвсэл мэдэгдэв.
Иракаас гадна, “Лалын улс” бүлэглэл Сирид эзэлсэн газар нутгийнхаа 20 орчим хувийг алдсан бөгөөд тус хоёр улсыг хамтад нь авч үзвэл “Лалын улс” бүлэглэл хяналтаа тогтоосон нийт газар нутгийнхаа 30 хувийг алдсан байна гэж тус эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдэгджээ.
Мөн тэрбээр, тус бүлэглэл тавдугаар сараас хойш нэг ч алхам урагшилж чадаагүй бөгөөд хамгаалалтын горимд шилжсэн гэж мэдэгдсэн байна.
Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш 110 км-т орших Рамади хотод тогтоосон хяналтаа алдсанаас хойших 48 цагт “Лалын улс” бүлэглэл Хадита хотын ойролцоох газар нутагт хүчээ төвлөрүүлж эхэлжээ.
Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн улсынхаа болон олон улсын агаарын цохилтын дэмжлэгтэйгээр “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд давшиж, Хадита хотын зэргэлдээх аль-Сакран болон Барвана тосгоны хяналтыг буцаан авсан гэж Анбар мужийн аюулаас хамгаалах хүчин мэдэгдэв.
Барвана тосгоны ойролцоо явсан “Лалын улс” бүлэглэлийн техникийн цуваанд олон улсын эвсэл мягмар гарагт агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн 22 босогчийг устгаж, хэдэн арван босогчийг шархдуулсан байна.
Д.Нямтулга