Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг “Түр саатуулах байр” руу зөөвөрлөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 13:11:50

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдид тогтоол гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх арга хэмжээг мөн түр саатуулах хашаа, байр ажиллуулахыг Монгол Улсын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэхээр болов.

Улаанбаатар хотын жишгээр замын хөдөлгөөний зохих дүрэм журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийг тухайн байршлаас зөөж шилжүүлэх, хууль зөрчсөн жолооч энэ ажлыг хариуцсан байгууллагад тодорхой төлбөр хураамж төлөх шийдвэр гаргажээ.  Түүнчлэн  түр саатуулах хашаа буюу “Журмын хашаа”-г хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгүүлэхээр болж байна.

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу зөөж шилжүүлэх ажиллагааны төлбөрийн хэмжээ нэг удаад 55 мянган төгрөг, харин тээврийн хэрэгслийг түр саатуулах байрын төлбөр нь нэг хоногт машины овор хэмжээнээс шалтгаалж 3000-7500 төгрөг гэж тогтлоо. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан энэхүү тогтоол нь 2016 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна.

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ