Иран болон Монгол хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-24 08:56:22

ТЕГЕРАН. /IRNA/. Иран болон Монгол Улс мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Иран-Монголын дипломат харилцааны түвшин маш сайн байна гэж Ираны Хөдөө аж ахуйн сайд Жихад Махмуд Ходжати Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд мэдэгдээд, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийг уриалсан байна.

Мөн хөдөө аж ахуйн салбарт хоёр орон туршлага, мэдээлэл солилцоно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.

1979 онд лалын хувьсгал ялсны дараа Иран хөдөө аж ахуйн салбарт ихээхэн туршлага хуримтлуулсныг тэрбээр нэмж хэлэв. Түүнчлэн Ираны цаг уурын онцлогийн улмаас усны хангамж хязгаарлагдмал байдаг учир усны нөөцийг зохистой ашиглахад анхаарлаа хандуулсаар ирсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Загас болон мал аж ахуйн чиглэлээр Иран амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үр боловсруулах, хүйтэн цаг агаар, хужирт дасгах, өвчинд тэсвэртэй болгох технологийн талаар ихээхэн туршлага хуримтлуулсны дээр усны аж ахуйн салбарт бүс нутагтаа тус улс тэргүүлдэг бөгөөд энэ салбарт Монголтой хамтран ажиллахаар бэлтгэж байна” гэж Жихад Махмуд Ходжати мэдэгджээ.

Эцэст нь тэрбээр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, худалдааны салбарт Иран, Монгол хоёр хамтран ажиллах боломжтойг мэдэгдсэн байна. 

Харин Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, 2012 онд Монголын Ерөнхийлөгч Иранд айлчилсан нь хоёр талын харилцааг өргөжүүлэх шийдвэр төгс буйн илрэл гэж мэдэгдэв.

Хоёр улс найрсаг харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо ирэх жил Монголд тэмдэглэхийг тэрбээр онцолжээ.

Монгол нь таван сая хавтгай дөрвөлжин метр газар нутагтай, гурван сая хүн амтай, 70 сая толгой малтай гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ