Өдөр тутмын сонинууд нийгмийн асуудлыг орхигдуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-13 12:44:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгний улстөрийн ашиг сонирхол, хэсэг бүлэг эрх мэдэлтний эрх ашигт давамгайлан хөтлөгдөх бус улс орны нийгмийн асуудалд илүүтэй анхаарахгүй бол хүүхэд хамгаалал, орчны бохирдол, ядуурал, ажилгүйдэл зэрэг энгийн иргэдийн амьдралын асуудлууд орхигдож буйг өнөөдөр болсон Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны II форумаар хөндлөө.
Форумд “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ”, “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан””, “Нийгмийн шуудан” сонины эрхлэгч, сэтгүүлчид монголчуудын эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, сургууль цэцэрлэг болон орон сууцны хангамж, боловсролын тогтолцооны гажуудал, хар тамхины аюул зэрэг нийгэмд тулгамдсан олон сэдвээр илтгэл тавьсан юм. Тэдгээрээс дурдвал, “Монголын Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Д.Мөнхжаргал “Иргэдийн хүнсний аюулгүй байдал” сэдвийг хөндсөн илтгэлдээ, манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсны хамгийн сүүлийн жишээ, Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р дунд сургуулийн 44 хүүхэд хоолны хордлогод орж эмчилгээ хийлсгэснээр аюулаас мултарсныг дурдаад ийм байдалд нийгмээрээ дөжирч, “Хонгорт аваачиж хоолонд оруулья, Багануурт очиж бааранд дайлья” хэмээн шоглоом болгон өнгөрүүлэхгүйгээр нийгмийн асуудал болгон тасралтгүй нийтлэж нэвтрүүлэн цаг тухай бүрт шийдлийг олж нийгэмд дохио болгож цацаж байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалж байв.

“ЗГМ” сонины  сэтгүүлч Г.Байгал, “Эдин засгийн хөгжил: Ядуурал ажилгүйдэл” илтгэлдээ, “Өнөөдөр манай улсын иргэдийн 29.6 хувь нь ядуу амьдарч, энэ нь 2014 оны байдлаас 37 хувийн өссөн дүнтэй, эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2009 оны үзүүлэлттэй ойролцоо очсон”-ыг тэмдэглээд, “Дундаж амьдралтай иргэдийн бодит орлого өсөх бус буурах хандлагатай байгаа өнөөгийн манай бодит амьдралаас харахад Монгол Улс 2030 онд хүн амын 80 хувийг дунд, чинээлэг амьдралтай болгох зорилтод хүрэхэд хол байгаа”-г онцлож байв. Тэрээр, “Манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд өсч байгаа ч олон иргэн өнөөдөр өдөр тумын өргөн хэрэглээ болсон ургамлын тосоо граммлаж, талх таллан авдаг хэвээр байж ядуурлын суурь шалтгаан болон ажилгүйдэл гэхэд энэ оны 8 сарын байдлаар 100 мянга иргэнд хүрч эдийн засгийн хямралын үеэс давсан дүнтэй байна” гэж байв.

Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион форумыг нээж хэлсэн “Нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөх, түүнд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах үүргээ сэтгүүлчид болон ХМХ-үүд нэг удаад “биелүүлсэн” болж шуугиад өнгөрөх бус, нийтлэлийн бодлогоор тууштай дэмжижн нийтлэж нэвтрүүлэн төр, засагт буюу бодлого тодорхойлогчдын сонорт хүргэж, болохгүй бол шаардаж, бодит үр дүнд хүртэл ажиллах ёстой” гэсэн үг өнөөдрийн форумын гол үйл ажиллагааг тодорхойлж байлаа.

Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны II форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогос, нийтлэлч Баабар, Б.Цэнддоо нарын хүмүүс, өдөр тутмын сонины эрхлэгч удирдлага, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.
 
Б.Болд
Гэрэл зургуудыг Т.Чимгээ
Холбоотой мэдээ