Орчин үеийн эко гэр цэцэрлэгт 35 хүүхэд хүмүүжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-12 16:37:19
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ulaanbaatar  Peace Avenue Rotary Club”-ээс санаачилсан төслийн хүрээнд  иж бүрэн “Эко” гэр цэцэрлэг байгуулж 35 хүүхэд энд хүмүүжихээр боллоо.

Тус байгууллагын санаачилсан “Эко гэр цэцэрлэг” төслийн хүрээнд Хонгконг, Тайван, АНУ зэрэг улсын Ротари клубийн гишүүд 20 гаруй сая төгрөгийн санхүүжилт босгожээ.

“Эко Ногоолин” ТББ Ротари клубийн гишүүдтэй хамтран цэцэрлэг байгуулах ажлыг гүйцэтгэж, Сонгинохайрхан дүүргийн 84-р цэцэрлэгт өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

Эко гэр цэцэрлэг нь гаднаа ногоо тарих зориулалт бүхий өвөл зуны хүлэмжтэйгээс гадна нарны цахилгаан эрчим хүчний хуримтлуулагч самбар байршуулжээ. Энэ нь өвлийн улиралд нарнаас дулаан авах бөгөөд нэмж цахилгаан шалны халаалтын системийг шийдэж өгсөн байна.



Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Сонгино хайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр, “Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа үед хүүхдүүдийг сурч боловсрох боломжийг чадах чинээгээрээ бүрдүүлэх нь зүйтэй.  Энэ цэцэрлэг байгуулагдсанаар 35 хүүхэд гэртээ ганцаараа үлдэхгүй, ая тухтай орчинд хүмүүжих томоохон хөрөнгө оруулалт боллоо” гэв.

Эко ногоолин ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Одгэрэл, “Эко цэцэрлэгийн байгууламжийн шийдлийг манай байгууллага бүрэн  гүйцэтгэлээ. Өвөл зундаа хүүхдүүд ногоо тарьж сурах, эко хүнс хэрэглэх бололцоотой. Мөн агааржуулалт, дулааны системийг утаа гарахгүйгээр шийдсэн. Цэцэрлэгийн хоёр багшийн ажлын байр бий болсон” гэлээ.



АНУ-ын Ротари клубээс тус цэцэрлэгт хүүхдийн тоглоом хандивлаж, Эко ногоолин ТББ цэцэрлэгийн эко байгууламжийн шийдлийг гаргажээ. Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ дэмжин дотоод тохижилт болон бусад эд зүйлсээр тусалжээ. Ийнхүү  Эко цэцэрлэг үүдээ нээлээ.
С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ