Хорт хавдартай иргэдийн эмийн зардлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-12 12:58:48
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ ”Хорт хавдартай иргэдийн эмийн зардалд дэмжлэг үзүүлэх” комиссын III хурлаар 36 иргэнд 5.7 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Хорт хавдартай зарим иргэн нэг удаад 300 мянган төгрөгийн үнэтэй эм, тариа хэрэглэх тохиолдол байдаг тул энэ нь өрхийн эдийн засагт нь хүндээр тусдаг байна. Иймд дээрх комисс иргэдээс ирсэн  өргөдлүүдийг судалсаны үндсэн дээр шийдвэр гаргадаг ажээ.
Энэ удаа 36 иргэний өргөдлийг хэлэлцсэн бөгөөд үүний 16 нь элэг, найм нь ходоод, хоёр нь умайн хүзүү, үлдсэн нь цөс, уушиг, давсаг, тархины хорт хавдартай иргэд байжээ. Тэдэнд эмийн дэмжлэгт нь зориулж орон нутгийн төсвөөс  5.7 сая төгрөг олгохоор болов.
Он гарсаар уг комисс I, II хурлаа хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 82 хүнд 13.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Энэ онд уг ажилд 30 сая төгрөг төсөвлөжээ.
 Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ