Фэйсбүүкийн хуурамч хаягаар охидын нүцгэн зураг авсан этгээдийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид фэйсбүүкийн хуурамч хаягаар насанд хүрээгүй олон охинтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг энэ сарын 15-нд илрүүлэн шалгаж байна.
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн XIV хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажил, мэргэжилгүй 21 настай эрэгтэй юм. Энэ этгээд нь фэйсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группүүдэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мэссэж бичиж, харилцаж охидын зургийг цуглуулах оролдлого хийж байжээ. Эхний удаа дөрвөн охины цээж нүцгэн зургийг авсан гэж урьдчилсан байцаалтаар мэдүүлээд байна.
Ж.Батсайхан