Хил дамнасан гэмт хэргийг таслан зогсооход хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын дотоод хэргийн салбарт хамтран ажиллаж байгаа болон цаашид хийх ажлын талаар санал солилцов.
Дэлхийн Олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны
форумд оролцож буй Л.Мөнхбаатар
сайд форум нь олон нийтийн
аюулгүй байдлыг хангах, тулгарч буй асуудлыг шийдэхэд олон улсын хамтын
ажиллагааны гарц шийдлийг эрэх, харилцан туршлага солилцох, яриа, хэлэлцээ
өрнүүлэх чухал талбар болсныг тодотголоо. Тэрбээр
Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжиж,
тэр дундаа хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцолсон юм.
Талууд “2022-2026 онд Хамтран ажиллах тухай Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын Нийгмийг аюулаас
хамгаалах яам хоорондын үйл ажиллагааны хөтөлбөр” үр дүнтэй байгааг сайшааж,
2026-2030 онд хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чадлыг нэмэх,
үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг
иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг бүх түвшинд хамгаалах хөтөлбөрийг шинэ
агуулгаар баяжуулан шинэчлэн байгуулахаар тохиролцжээ.
Тодруулбал,
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхгүй байхад хоёр улсын хилийн хяналтыг чангатгах, тэдгээр бодисыг илрүүлэх, шинжлэх,
бүртгэхэд ашигладаг техник, тоног төхөөрөмж, арга зүйн талаар мэдээлэл,
солилцох, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх мэдээлэл солилцох түвшинг дээшлүүлэх, техник технологийг шинэчилнэ. Мөн хөрөнгө оруулалтын орчныг хамгаалж, залилах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар хамтын ажиллагааг сайжруулах, НҮБ-ын энхийг сахиулах
ажиллагаанд Монголын цагдаагийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан
цагдаагийн байгууллагын тусгай зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн
БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хууль зүй, дотоод хэргийн
салбарын албан хаагчдыг БНХАУ-ын хууль сахиулах чиглэлийн сургууль, байгууллагад
богино, урт хугацааны сургалтад
хамруулах юм.
Түүнчлэн харьяа байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал солилцож, Монгол Улсын
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тавьсан санал хүсэлтийг БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун дэмжиж
ажиллахаа илэрхийлжээ.