Засаг даргын мөрийн хөтөлбөрийг 85,5 хувийн биелэлтэй гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 10:42:00

Увс аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан энэ сарын 25-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ удаагийн хуралдаанаар үндсэн 7 илтгэлийг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар хурлын төлөөлөгчид хоёр өдрийн турш оюун ухаанаа уралдуулсан юм.

Энэ жил Увс аймгийн 90 жилийн түүхт ой, зургаан сумын тэгш ой тохиосон тул аймаг орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон арван ажил урьд өмнөх жилүүдээс илүүтэй хийгдсэн. Иймээс аймгийн 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилт болоод Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг урагшлуулахад ихээхэн дөхөм өгчээ. Ялангуяа Улаангомд “Гудамж” төсөл хэрэгжиж, аймгийн төвийн зам талбай эрс шинэчлэгдсэн нь төлөөлөгчдийн ярианы нэг сэдэв болсон.

“Сайн муу, сайхан муухай болсон гэж замын асуудлыг бид хоёр өдрийн турш ярилаа. Зам нэгэнт тавигдсан, одоо харин цасанд дарагдаад халтиргаа гулгаа болчихож, бид гараад цэвэрлэж хуучин хэвэнд нь оруулж чадахгүйгээс хойш энэ асуудлыг орхиё” хэмээн нэг төлөөлөгчийн хэлснээр энэ асуудал дахин хөндөгдөөгүй.

Ер нь бол Увс аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанууд ширүүхэн мэтгэлцээн дунд өрнөдөг бөгөөд энэ удаагийн хурал ч гэсэн тойроогүй. Мэдээж хэрэг аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах, урд өмнө нь хийгдсэн ажлыг өнгөлж тордох, ирээдүйд хийх ажлыг эрэмбэлэх гээд олон асуудлыг шийдэхийн тулд төлөөлөгчид тал бүрээс нь харж тунгаах нь зүйд нийцэх биз ээ.

Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 85,5, аймгийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг 90,7 хувийн биелэлттэй байна хэмээн аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

   Увс аймаг Б.Батхүү

関連ニュース