“Улаанбаатар сити” баг “Холбооны цом”-ын эзэд боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны “Холбооны цом”-ын шигшээ тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, “Улаанбаатар сити” баг анх удаа “МХБХ-ны цом”-ын эздээр тодорлоо.
Харин “Эф Си Улаанбаатар” баг мөнгөн медаль хүртэн, “Эрчим”, “Дэрэн” клубүүд удаах байрт шалгарлаа. Аваргын төлөө “Хүрхрээ үндэсний лиг”-ийн “Улаанбаатар сити”, “Эф Си Улаанбаатар” багууд тоглосон бөгөөд энэ тоглолтын гоолын салхийг “Эф Си Улаанбаатар”-ын шилдэг хагас хамгаалагч О.Баяржаргал хагалсан бол хариу гоолыг ОХУ-ын легионер Артём Дробишев оруулж, тооны харьцааг тэнцүүлэв.
Нэгдүгээр үеийн цаг дуусч шүүгч нэг минут сунгахад “Улаанбаатар сити”-гээс Ж.Сүндорж тоог 2:1 болгож баг нь эхний хагаст тэргүүллээ. Өнгөрсөн жил “Холбооны цом”-ын хагас шигшээд “Хангарьд”-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн “Улаанбаатар сити” баг хоёрдугаар үед тэргүүллээ бататгаж, 2017 оны аварга болов. Шийдвэрлэх үед “Улаанбаатар сити”-гээс Ц.Түмэнжаргал 65, О.Мижиддорж 80 дахь минутад тус тус гоол оруулсан. Харин “Эф Си Улаанбаатар”-ын О.Баяржаргал 69 дэх минутад дахин нэг гоолыг торгуулийн цохилтоор оруулсан юм.
Энэ жил “МХБХ-ны цом”-д “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг” болон УАШТ-д оролцдог нийт 30 баг өрсөлдсөн нь урьд өмнөхөөс хамгийн өндөр үзүүлэлт байв. Аваргын цомыг өргөсөн “Улаанбаатар сити” 12 сая, мөнгөн медалийн эзэд “Эф Си Улаанбаатар” 8 сая төгрөгийн шагнал хүртлээ. Хагас шигшээд үлдсэн “Эрчим”, “Дэрэн” клубүүд 2.5 сая төгрөгийн эзэд болсон.
Д.Өлзий