Богд хааны даалинг 4 дахин томруулан урлаж Гиннесийн номд бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-25 15:51:51

Монгол уран хатгамал нь XIX зуунд нүүдэлчдийн амьдралын өдөр тутмын хэрэглээнээс хальж урлагийн бүтээл болон хөгжиж эхэлжээ.

Энэхүү гайхамшигт соёлын өвийг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгэх ажлын эхлэл болгож Уран хатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй санаа" төв, Соёлын өвийн төв, Дарма дари ХХК, Арума ХХК-иас энэ сарын 27-нд Богд хааны ордон музейд "Хатгамлах урлагийн гайхамшиг" үзэсгэлэнг нээхээр болжээ. 

Тус үзэсгэлэнд монгол төрийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагт, Их дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, хөөрөгний даалин болон өнөө цагийн уран хатгамалчдын сор бүтээлүүдийг үзмэр болгон дэлгэх юм.

Тус үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх бөгөөд монголын хатгамал урлагийн түүхэн хөгжил, хувьсал өөрчлөлтийг нүдээр үзэхийн зэрэгцээ шилдэг урлаачдын бүтээлийг худалдан авах боломжтой юм байна.

Уран хатгамлын урлагийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өв болон Гиннесийн номонд бүртгүүлэх ажил 2010 оноос эхэлсэн бөгөөд энэхүү үйл явцад томоохон түлхэц үзүүлэх зорилгоор хүндэтгэлийн "Даалин урлах" урлалыг  үзэсгэлэнгийн нээлтийн үеэр эхлүүлэх юм.

Хүндэтгэлийн даалин нь Богд хааны хэрэглэж байсан  даалинг дөрөв дахин томруулсан буюу 225 см урт, 88 см өргөн хэмжээтэй байх ба хамгийн тансаг торгоор шилмэл хатгамалчид хамтарч урлана гэж өнөөдөр "Монгол нюьс" компанийн Мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр үзэсгэлэнг зохион байгуулагчид ярьлаа.

Б.Гаваа

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

関連ニュース