Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг Владивосток хотноо 10 дахь удаагаа зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
delgermaa@yahoo.com
2025-09-03 14:31:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр Дорнын эдийн засгийн чуулга уулзалт “Алс Дорнод-энх тайван, хөгжлийн төлөөх хамтын ажиллагааа” уриан дор эхэлж байна.


Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулж буй чуулга уулзалтын зорилго нь ОХУ болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, Алс Дорнодтой эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгаа гэдгийг гадаадынханд харуулах юм.


Зохион байгуулагчдын зүгээс 10 жилийн ойдоо нэлээд ач холбогдол өгч байгаа аж. Энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол, Вьетнам, Энэтхэг, Хятад, Лаос, Малайз, Тайланд зэрэг 70 гаруй орны 7100 гаруй зочид төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэр дундаа Австрали, Их Британи, Герман, АНУ, Франц, Швейцар, Япон зэрэг орны төлөөлөгчид оролцохоор болсон нь энэ жилийн чуулга уулзалтын нэгэн онцлог болж байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд хандан үг хэлэх бөгөөд чуулга уулзалтын хүрээнд хоёр талын олон уулзалт товлогджээ.


Урьдчилсан байдлаар, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 313 гэрээ баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөсний дотор 27 нь гадаадын хөрөнгө оруулагчид болон  байгуулагуудтай хамтран ажиллах гэрээ багтжээ.


Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Владивосток хотын Русский арал дээр өргөн хүрээг хамарсан янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой салбар хуралдаанууд, урлагийн үзүүлбэр, спортын тэмцээн, залуучуудад зориулсан тусгай хөтөлбөр, “Кубок ВЭФ-2025” ширэээний теннисний уралдаан, хоккейн тэмцээн зэргийг зохион байгуулах ажээ.


Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, үр дүнгээ өгдөг хэмээн шинжээчид үздэг юм.

関連ニュース