БАЯНХОНГОР: Ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-10 15:55:47

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын удирдлагууд 2025 онд “Хог, усны асуудлаа бүрэн шийдвэрлэх” зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлжээ.


Тус зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гурван усан санг бүрэн засварлаж, үйл ажиллагааг хэвийн болгосон бөгөөд ус зөөврийн авто машиныг шинэчилснээр иргэдийг ундны усаар найдвартай хангах нөхцөл бүрдүүлсэн байна.


Хог хаягдлын менежментийн чиглэлд “Жи эс би ресурс” ХХК-тай хамтран 215 сая төгрөгийн өртөг бүхий шинэ хогийн цэг байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүд хогоо ангилан хаях дадалд бүрэн шилжжээ.


Мөн тус сум 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хог шатаах зуух худалдан авч, “Хоггүй сум” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Гурванбулаг сумын энэхүү санаачилга нь орон нутгийн хөгжлийг тогтвортой, байгальд ээлтэй байдлаар зохион байгуулах сайн жишээ болж байгаа юм.

関連ニュース