Монгол, Кувейтийн хооронд байгуулах явцдаа буй баримт бичгүүдийг эцэслэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-11-08 11:51:31

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн энэ сарын 6-нд Кувейт Улсын Гадаад хэргийн Эрх зүйн асуудал хариуцсан Туслах сайд Тахрани Аль-Нассертай Кувейт Улсын Гадаад хэргийн яаманд уулзав.

​Уулзалтаар талууд хоёр улсын хооронд байгуулах явцдаа буй баримт бичгийг эцэслэх, тэр дундаа Монгол, Кувейтийн хамтын ажиллагааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх замын зураглалыг ойрын хугацаанд гарын үсэг зурахад бэлэн болгох, мөн ирэх сарын 15-19-нд Катар Улсын Доха хотноо зохион байгуулах Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурлын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

​Уулзалтын үеэр ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгоход талууд идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

 

関連ニュース