Умард Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-07 16:54:55

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /Kyodo/. Умард Солонгосоос баасан гарагт харвасан баллистик пуужин Японы онцгой эдийн засгийн бүсээс гадна унасан бололтой гэж Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгджээ. Одоогоор нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна.


Умард Солонгосын баруун эргээс зүүн тийш харвасан пуужингийн нислэгийн өндөр 50 км байсан бөгөөд 450 гаруй км зайд ниссэн гэж Японы Батлан ​​​​ хамгаалах яам мэдэгджээ. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, 12:35 цагийн орчимд Умард Солонгосын Хойд Пёнган мужаас Япон тэнгис рүү үл мэдэгдэх баллистик пуужин харвасныг илрүүлсэн байна.


Т.Санаэ засгийн газрын холбогдох агентлагуудад олон нийтэд шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай хүргэж, улс даяар аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгосноо мэдэгджээ. Умард Солонгосын тал 10 дугаар сарын 22-ноос хойш анх удаа баллистик пуужин харваж буй нь энэ юм.


Цахим гэмт хэрэг үйлдэж, мөнгө угаасан гэх үндэслэлээр Умард Солонгосын найман хувь хүн, хоёр аж ахуйн нэгжид АНУ-ын авсан хориг арга хэмжээнүүдийг Пёньян шүүмжилснээсээ хойш нэг өдрийн дараа пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлжээ. 



関連ニュース