Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /TASS/. Хятад, Америкийн молекулын биологичид хүний ходоодны эсийг “дахин програмчилж”, инсулин ялгаруулдаг болгох шинэ аргыг боловсруулжээ. Генийн эмчилгээний энэхүү аргыг турших ажил амжилттай болсон тухай Үүдэл эс судлалын олон улсын нийгэмлэг (ISSCR) мэдээлсэн байна.
Эрдэмтэд хулганы ходоодны эсүүдийг дахин програмчилснаар тэдгээрийг нойр булчирхайн эсүүдийн адил инсулин ялгаруулдаг болгох боломжтойг тогтоосон байна. Ингэснээр уг генийн эмчилгээ нь хулганы биед суулгасан хүний ходоодны жижигрүүлсэн хувилбарт мөн ижил нөлөөлдөг болохыг харуулжээ.
АНУ-ын Корнеллийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн доцент Хуан Сяофэнээр ахлуулсан эрдэмтдийн баг ходоодны органоидууд дээр туршилт хийж байхдаа энэхүү нээлтийг хийжээ. Хүний үүдэл эсийн өсгөврөөс ургуулсан хоол боловсруулах эрхтний жижиг хувилбаруудыг судлаачид органоид гэж нэрлэдэг.
Нойр булчирхайн эсийн хөгжилтэй холбоотой ердөө гурван генийг идэвхжүүлснээр ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох боломжтой гэдгийг биологчид хоёр жилийн өмнө олж илрүүлжээ. Улмаар тэд генийн эмчилгээний туршилтын загварыг боловсруулж, хулгануудад туршихад 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний даамжралыг амжилттай зогсоож байжээ.
Боловсруулсан арга нь үр дүнтэй эсэхийг шалгахын тулд ходоодны органоидууд дээр туршжээ. Эдгээр органоид нь цусан дахь сахрын түвшинг зохицуулах чадвартай эсэхийг шалгахын тулд туршилтын хулганад суулгасан байна.
Эдгээр туршилтаар генийн эмчилгээ нөлөөлсөн органоидуудын эсүүдийн тал орчим хувийг инсулин идэвхтэй ялгаруулдаг нойр булчирхайн эс болгон хувиргадаг болохыг баталсан байна.
Ulaanbaatar