С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 581 гэрээг ил болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 13:29:06

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 581 гэрээг ил болголоо” гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд мэдээллээ.


ЗГХЭГ-ын дарга цааш хэлэхдээ, "Тус компани өнгөрсөн 15 жилийн хугацаанд нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлж буй. Энэ хугацаанд нүүрсний хулгайтай холбоотой хардлага нийгэмд байсаар ирсэн. Тиймээс 2010 оноос хойш иргэд, аж ахуйн нэгжтэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээг ил болгож байгаа.


Компани нийт 586 гэрээ байгуулсан ба өнөөдөр 581-ийг нь ил болгож, цахим сайтад байршуулахаар боллоо. Одоо таван гэрээ үлдсэн. Тэдгээр гэрээг цаад талтайгаа тохиролцсоны үндсэн дээр ил болгох юм. Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу уг компанийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд олон улсын аудитыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит оруулахаар тогтлоо" хэмээв.


Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус компани 176 сая тонн нүүрс олборлож, 166 сая тонн нүүрс борлуулж, 37 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 10.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төлжээ.

関連ニュース