Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-24 16:26:14

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.


Орчин цагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний олон шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөц, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх,  дундаж наслалтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсныг нь ийнхүү үнэлж алдаршууллаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд энэрэн нигүүлсэх, асарч ачлах сэтгэлээр хүчин зүтгэж,  айл бүрд эрүүл энх, аз жаргалтай байхын баяр баясал бэлэглэдэг эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Эмнэлгийн хамт олон шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж, салбартаа ямагт манлайлагч, тэргүүлэгч нь байна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1925 оны 10 дугаар сард өрнө, дорнын эмчилгээ хослуулсан 15 ор, дөрвөн эмчтэй үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Эдүгээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 20 байгууллагыг салбарлан хөгжүүлж, 14 чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ эрхэлдэг, 548 ор, 846 ажилтан, албан хаагчтай болоод байна.


Өнгөрсөн 100 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20 сая хүнд амбулаториор үйлчилж, нэг сая 800 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 600 мянган хүнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлжээ.


Тус эмнэлэг дурангийн мэс засал, элэг, бөөр, үүдэл эс, үе шилжүүлэн суулгах, цөмийн оношилгоо, эмчилгээ, эмийн чанар, аюулгүй байдлын цогц технологи зэрэг олон дэвшилтэт арга, аргачлалыг эх орондоо анх нэвтрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг цогцоор нь хэрэгжүүлж байна.




関連ニュース