Нагояагийн их сургуульд 19 докторант суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-24 12:21:06

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Японы нэр хүндтэй их сургуулиудын нэг Нагояагийн их сургуулийн Монгол дахь салбар кампуст төрийн албан хаагчдад зориулсан докторын хөтөлбөрийн шинэ оюутны элсэлтийн баяр өчигдөр боллоо.


Баярын үеэр Нагояагийн их сургуулийн төлөөлөгчид шинэ элсэгчдэд баяр хүргэж, хөтөлбөрийн зорилго, бүтэц, суралцах нөхцөл болон судалгааны орчны талаар танилцуулав. Мөн тус хөтөлбөрийн өмнөх үеийн төгсөгчид өөрсдийн судалгааны туршлага, арга барил, төгссөний дараах ажлын амжилтаа хуваалцсан байна.


Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэдээлснээр, хууль, байгаль орчин, эрүүл мэнд, сэтгэл судлал, боловсролын чиглэлээр есөн судлаач докторын зэргээ хамгаалаад байна. Энэ онд эдгээр чиглэлээр гурван шинэ оюутан элсэн орсноор нийт 19 докторант тус хөтөлбөрт суралцаж байна.


Энэхүү хөтөлбөр нь Азийн улс орнуудын мэргэшсэн төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Монгол Улсын төрийн албан хаагчид монголдоо ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ докторын зэргээ хамгаалж, улс орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг энэхүү тэтгэлэгт хөтөлбөр олгодог. Хөтөлбөр нь орчин үеийн зайны сургалтын технологи, Японд богино хугацааны сургалттай хослон явагддаг бөгөөд судалгааны удирдлага, зөвлөгөөг тогтмол өгдөг онцлогтой.


Элсэлтийн баярт Нагояагийн их сургуулийн салбар сургуулиудын удирдлага, Монгол дахь төлөөлөгчийн газар, Японы Элчин сайдын яам, JICA, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн төлөөлөл, төгсөгчид болон шинэ элсэгч оюутнууд оролцсон юм.

関連ニュース