БАЯНХОНГОР: Мана хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-20 11:58:33

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд хадгалагдаж буй ховор содон хөөргүүдийг цувралаар танилцуулж байна. Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг нэг гол гоёл бөгөөд уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг эртний заншилтай.

Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай, мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн, гарын алганд багтах хэмжээтэй эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч байдаг. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байсан бол хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болсон байна.

Аймгийн музейд хадгалагдаж буй сийлбэртэй манан хөөрөг нь:
Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Мана чулуу, чулуу, гууль, зэс
Хэмжээ: 8х4.2х1.8 см, 110 гр

Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар маныг ухаан санаа самуурахаас сэргийлдэг гэдэг. Мана сэтгэл санааг сэргээх хүч тамир оруулах увидастай, амар амгалан, хайр сэтгэлийг бэлгэддэг бөгөөд муу бүхнээс эзнээ хамгаалж, урт удаан наслуулдаг төдийгүй бамбай булчирхай, зүрхний өвчинд тустай, даралт тогтворжуулах, цусны эргэлтийг сайжруулах увидастай гэгддэг.

Аливаа хөөргийн хийц чанарыг илэрхийлдэг чухал зүйл бол тухайн хөөргийн ухалт юм. Аль болох гэрэл нэвтэртэл нимгэлж ухан дотор талыг нь өнгөлсөн, нарийн амтай хөөрөг үнэтэйд тооцогдоно.

Хөөргийн хийцний тухайд манж, хятад, төвөд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй байдаг. Хөөргийн амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг гэдэг байна.

Хятад хийцийн хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн нэг дархны хийц зэрэг нь голлох үүрэг гүйцэтгэдэг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа толгойн хийц, үнэ цэн чухал байдаг. Мөн тухайн хөөргийг хэрэглэж байсан төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан барьж байснаараа их үнэд хүрдэг онцлогтой.

関連ニュース