MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-14 07:27:33

СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 14 /BBC/. "Инновац ба технологийн дэвшил нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг тайлбарласан" эрдэмтэд эдийн засгийн салбарын энэ оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо. АНУ-ын эрдэмтэн Жоэл Мокир, Францын эрдэмтэн Филипп Агион, Канадын судлаач Питер Ховитт нар уг шагналыг хуваан хүртэхээр болсныг Нобелийн хорооноос мэдээлжээ.  

 

Жоэл Мокирт “технологийн дэвшилд тулгуурлаж тогтвортой өсөлтийн урьдал нөхцөлийг тодорхойлсон” судалгааных нь төлөө шагналын тал хувийг олгохоор шийдвэрлэсэн бол Филипп Агион, Питер Ховитт нар “creative destruction буюу бүтээлч шинэчлэлтэд суурилсан тогтвортой өсөлтийн онол”-ыг боловсруулсныхаа төлөө шагналын талыг хуваан хүртэх ажээ.

 

"Шагналтнуудын судалгаа эдийн засгийн өсөлтийг заавал үргэлжилдэг зүйл мэтээр хүлээж авч болохгүй гэдгийг харуулж байна. Бид зогсонги байдалд орохгүйн тулд бүтээлч шинэчлэлтийн механизмыг дэмжих ёстой" гэж эдийн засгийн шагналын хорооны дарга Жон Хасслер мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны шагналыг Дарон Ажемолу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нар хүртсэн билээ. Тэдэнд энэхүү шагналыг яагаад зарим улс орон хөгжиж байхад зарим нь өнгөрсөнд гацдагийг, түүнчлэн дарангуйлал, автократ засаглалын үед яагаад эдийн засаг саарч, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс баяжихад хүрдгийг, харин ардчилалд шилжсэнээр нийт хүн амынх нь амьдрал ахуй сайжрах боломж хэрхэн нэмэгддэг вэ гэдгийг тайлбарласных нь төлөө олгожээ. 

 

Уламжлал ёсоор 10 дугаар сарын эхээр болдог “Нобелийн долоо хоног” гэгддэг шагналтнуудыг тодруулах ажиллагаа эдийн засгийн салбарын шагналтнуудыг тодруулснаар өндөрлөдөг. 

 

Эдийн засаг бол залуу шинжлэх ухаан бөгөөд эл салбарын талаар Альфред Нобелийн гэрээслэлд тусгагдаагүй юм. Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэхүү шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй. 

関連ニュース