MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Алтны үнэ дахин өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-13 16:31:33

ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 13 /Reuters/. АНУ-Хятадын худалдааны маргаан, АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах таамаглал зэргээс шалтгаалан найдвартай хөрөнгүүдийн эрэлт өссөнөөр өнөө өглөө алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ. Түүнчлэн мөнгөний үнэ мөн түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 


Тодруулбал, алтны спот үнэ 1.5 хувиар өссөнөөр нэг унц нь 4078.05 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Мөн 12 дугаар сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерс хэлцлийн үнэ 2.3 хувиар өсөж, 4093.50 ам.доллар болсон байна.


Хятадын тал газрын ховор элемент болон тоног төхөөрөмжийн экспортод хязгаарлалт тавьж байгаатай холбогдуулан Хятадаас АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 11 дүгээр сарын 1-нээс 100 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт сүрдүүлж, чухал программ хангамжид экспортын шинэ хязгаарлалт тавина гэж мэдэгдсэн юм. Харин ням гарагт Бээжингийн засаг захиргаа хязгаарлалтын арга хэмжээгээ зөвтгөсөн боловч АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах эсэх талаар мэдэгдэл хийгээгүй байна.  


“Сүүлийн үед Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдлууд алтны зах зээлд нөлөө үзүүлэх нь багасаж байсан боловч одоо АНУ, Хятад хоёрын хооронд үүссэн худалдааны маргаанаас үүдэн дахин эрсдэлүүд бий болж байна” гэж “Capital.com” цахим хуудасны шинжээч Кайл Родда ярьжээ.


Үүнээс гадна, алтны үнэ өссөнтэй төстэй хүчин зүйлсийн нөлөөгөөр мөнгөний спот үнэ 2.7 хувиар өсөж, нэг унц нь 51.70 ам.доллар болж, дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын урсгалаас шалтгаалж мөнгөний үнэ дунд хугацаанд өсөх төлөвтэй байгаа боловч алттай харьцуулахад үнэ нь буурах эрсдэлтэй байгааг “Goldman Sachs” группээс ням гарагт анхааруулжээ.


Геополитикийн эрсдэл, Төв банкнуудын алтны худалдан авалт, биржээр арилжаалагдах хөрөнгийн урсгал, ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлал, татвар тарифаас үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөгөөр алтны ханш энэ он гарсаар 53 хувиар өсөөд байна.  


ХНС-г 10 дугаар сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр, улмаар 12 дугаар сард мөн ижил нэгжээр бууруулж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл мягмар гарагт болох Бизнесийн эдийн засагчдын үндэсний холбооны уулзалтад үг хэлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр хүүг бууруулах талаар дурдаж магадгүй байна.


АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа 10 дугаар сарын 1-нээс түр зогссоноос хойш холбооны олон мянган ажилтныг цомхотгох шийдвэр гаргасанд Д.Трамп Ардчилсан намынхныг буруутгаад байгаа бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулах үйл явц хойшлогдоод байна. 


Геополитикийн тухайд, Д.Трамп тэргүүтэй дэлхийн хэд хэдэн орны удирдагчид даваа гарагт Египетэд уулзаж, Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна.


Алт, мөнгөнөөс гадна цагаан алтны үнэ 2.9 хувиар өсөж, 1635.35 ам.доллар, палладийн үнэ 3.6 хувиар өссөнөөр 1452.50 ам.доллар болж тус тус өсжээ.

 


関連ニュース