MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Хятад, АНУ-ын худалдааны эргэлт огцом буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-13 16:33:41

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 13 /RIA Novosti/. 2025 оны эхний есөн сарын байдлаар Хятад, АНУ-ын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 15.6 хувиар буурч, 425 тэрбум 816 сая ам.долларт хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харууллаа. 


Энэ хугацаанд АНУ, Хятадын экспортын аль аль нь мэдэгдэхүйц буурчээ. АНУ-ын экспортын хэмжээ 11.6 хувиар буурч, 108.6 тэрбум ам.доллар болсон бол Хятадынх 317.2 тэрбум ам.доллар болж, 16.9 хувиар буурсан байна. 


2024 оны жилийн эцсийн дүнгээр хоёр улсын худалдааны эргэлт өмнөх жилийнхээс 3.7 хувиар өсөж, 688 тэрбум 28 сая ам.долларт хүрчээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хоёрдугаар сард Хятадаас импортлох бүх бараанд 10 хувийн татвар ногдуулснаар хоёр талын худалдааны дайн эхэлжээ. Гуравдугаар сард уг татварыг 20 хувьд хүргэсэн бөгөөд Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хариу тариф тогтоосон байна. АНУ-ын засаг захиргаа бусад орноос импортлох бараа бүтээгдэхүүнд хариу татвар тогтоосноор Хятадын бараанд ногдох дундаж тариф 54 хувьд хүрсний дараа худалдааны зөрчил дахин хурцаджээ. 


Одоогийн байдлаар АНУ-аас Хятадад ногдуулсан татвар 145 хувьд хүрээд байгаа бол АНУ-ын бараанд Хятадын тогтоосон татвар 125 хувьтай байна.


Өнгөрсөн баасан гарагт Д.Трамп Хятадын засгийн газар газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгасны хариуд тус улсын бараанд ногдуулах татварыг одоогийн хэмжээн дээр нэмээд 100 хувиар өсгөнө гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь 11 дүгээр сарын 1-нээс эсвэл үүнээс өмнө хэрэгжиж магадгүй байна. Хоёр улсын худалдааны зөрчил үргэлжилж байгаа хэдий ч АНУ нь АСЕАН, Европын Холбооны дараа Хятадын гурав дахь том худалдааны түнш хэвээр байна.

関連ニュース