МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Х.Нямбаатар: Аж ахуйн нэгжүүд Усны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-11 18:02:17

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завьтай ажиллаж, эко системийг хамгаалах талаар ярилцлаа.




Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой усыг “саарал ус” гэж нэрлэдэг. Энэ саарал ус Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газар гэх мэт 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлдэг байна. Ялангуяа арьс шир, ноос, ноолуур, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байгаа аж. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж бийг холбогдох албаныхан хэллээ. Нийслэлээс 30 км орчим зайд ч цэвэрлэх байгууламжийн лаг хагшаасаас үүдэж, Туул голын уснаас хүн, мал ундаалах боломжгүй, цэвэрлэх байгууламжийн үнэр их байгааг холбогдох албаныхан хэлж байна.


Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Туул гол руу саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр дээр очиж үзэхэд үнэхээр харамсалтай дүр зургууд харлаа. Туул голын бохирдолд арьс шир, ноос, ноолуур, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн бохирдол маш ихээр нөлөөлдөг. Төвлөрсөн шугам руу тэдгээр үйлдвэрийн их хэмжээний бохирдол орохоор цэвэршүүлж дийлдэггүй. Энэ бүх асуудлыг олон жил хөндсөнгүй. Усны тухай хуульд “Эдгээр үйлдвэр заавал өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой” хэмээн заасан ч хуулиа биелүүлдэггүй. Туул голд нийлүүлж байгаа саарал ус нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх түвшинд цэвэршсэн байх ёстой. Харамсалтай нь манай цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Туул голын саарал ус нийлүүлэгдсэн хэсгүүдэд лаг хагшаас үүсэж, маш их бохирдлыг үүсгэдэг. Туул гол, түүний ай сав бол олон зүйлийн загас, шувууд, амьтдын өлгий болсон монголчуудын эх түүхийг хадгалсан нутаг. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн ундны эх үүсвэр юм. Туул голын эко системийг аварч үлдэхийн тулд нийслэлээс дараах ажлуудыг зохион байгуулна” гэв.




Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Хуучин төв цэвэрлэх хоногт 160-170 мянган метр.куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Харин өнөөдөр Улаанбаатар хотоос шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Гэвч дан ганц шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болоод Туул голын бохирдлын асуудал шийдэх боломжгүй гэдгийг хотын дарга онцоллоо.




Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар Туул голыг ихээр бохирдуулж байгаа 20 гаруй ААН хашаандаа урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. Мөн АПУ компани урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан. Бусад нь Усны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх цаг нь болсныг, ус бохирдуулсны төлбөрөө төлөх ёстой ажээ. Үүргээ биелүүлэхгүй бол 2027 оноос Туул голыг ихээр бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийг цэвэр усаар хангахгүй, бохир усыг хариуцахгүй гэнэ. Тэдний ус бохирдуулсан төлбөрийг төв цэвэрлэх байгууламжийн урсгал зардал, лаг шатаах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглах ёстойг мөн дурдлаа. Тэрбээр уулзалтын төгсгөлд 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг эхлүүлэхээ хэлэв. 



 

関連ニュース