5000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-10 12:26:42

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна. 


Энэ хүрээнд өнгөрсөн сард Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын 4 блок буюу нийт 220 айлын 8 блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн бусад талбарын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 10 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилгыг барьж буй. 


Тухайлбал, Баянхошуу дэд төвийн үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 хувьтай байна. Мөн 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 52 хувьтай үргэлжилж, сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Шархад дэд төвийн үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 49 хувийн гүйцэтгэлтэй байна. 


Уг төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Үүнд EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэх юм.

 

関連ニュース