Монгол Улсын анхны олон улсын стандарт батлагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38 Texile)-ны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа.
Энэ нь Монгол Улсын түүхэн дэх анхны олон улсын стандарт юм.
Стандартыг боловсруулж, батлуулснаар дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол Улс ямааны ноолуурын үнэ цэн, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлж, хариуцлагатай нүүдэлчин, мал аж ахуйн орон гэсэн нэр хүндээ дэлхийд бататгаж байна.
Монгол ямааны ноолуур нь нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан хадгалдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгддэг ховор, үнэ цэнтэй түүхий эд учраас энэ чиглэлийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, хуурай болон хагас хуурай газрын экосистем, түүний биологийн олон янз байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх, уламжлалт мал аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хүчин зүйлийг дээрх стандартад тусгажээ.