УВС: Цөлжилтөөс хамгаалах ойн зурваст мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих намрын өдөр энэ сарын 4-нд тохиож байгаатай холбогдуулан иргэдийг мод тарих аянд нэгдэхийг аймгийн Байгаль орчны газраас уриаллаа.
"Энэ намрын мод тариалтаар Улаангом сумын 6-р багийн нутаг Улиасны хэвд байрлах цөлжилтөөс хамгаалах ойн зурваст иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтран мод тарина.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг “Хоёр живаа харгай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар Улаангом суманд 21.6 мянган мод тарьсан нь сайн ургаж байна. Хаврын мод тарилтад 1500 иргэн, 43 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон. Намрын мод тарилтаар улиас, бургасны нийтдээ 7000 ширхэг суулгацыг тарих юм.