УВС: Үр тариа хадгалах агуулахын ажилд хяналт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-26 14:16:43

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Баруунтуруун суманд барьж байгаа үр тариа хадгалах агуулахын ажилд аймгийн ГХБХБГ-аас энэ сарын 22-ны өдөр хяналт шалгалт хийсэн байна.


Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгөөр барьж байгаа тус агуулахын зураг төслийг “Стийл проект” ХХК гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэмээн” ХХК ажиллаж байна.


Энд 4000 тн-ын үр тариа хадгалах 2 агуулахын суурь, 1000 тн-ын үр тариа хадгалах 3 агуулахын суурь, гадна цахилгааны шугам, дэд өртөөний ажил, хашаа, зам талбай зэрэг байна. Одоогийн байдлаар 4000 тн-ын үр тариа хадгалах агуулахын суурийн ажлыг хийж байгаа бөгөөд гадна хашаа, цахилгааны шугам, дэд өртөөний ажил хийжээ.


Хяналт шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, барилгын талбайд материалын гарал үүслийн бичиг, холбогдох бичиг баримтыг байлгах, ил, далд ажлын актыг тухай бүрд бичиж, фото зураг авч баталгаажуулах, бетон хийцээс дээж авч шинжилгээнд хамруулах, талбайг камержуулах, хүйтэрч байгаа тул бетон хийцийг хөлдөөхгүй байх арга хэмжээ авах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.

 

 

関連ニュース