Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монгол Улсаас 125 тамирчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат, Баяннуур хотноо есдүгээр сарын 22-28-нд болох Олон улсын хүүхдийн спортын XI наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордонд өнөөдөр болов.
Ёслолд ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцож, баг тамирчдад хүслээ.
Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг сагсан бөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Ч.Соёмбосүлдэд, Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Б.Ариунзулд гардуулав.
Энэ үеэр Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ, спортын төрөл бүртээ амжилттай оролцож, төрийн далбаагаа олонтаа мандуулж, төрийн дууллаа олонтаа эгшиглүүлж, өөртөө итгэлтэй, зоригтой, хүчтэй байж, боломжоо бүрэн ашиглаарай” хэмээн захилаа.
Тус наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 152 тамирчин өрсөлдөх бол зургаан шүүгч, гурван эмч, таван штабын ажилтан хамрагдах юм.
Олон улсын хүүхдийн спортын наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита, 2023 онд Улаанбаатар хотод болж байв. Уг наадамд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, хүрэл медальт Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн Залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, Б.Мишээлт зэрэг шилдэг тамирчид өсвөр насандаа оролцож байлаа.