ХОВД: Одоогоор 43.5 тонн жимс жимсгэнэ хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ жил 3178 га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалжээ.
Одоогийн байдлаар ургац хураалтын ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна. Төмс, лууван, улаан лооль зэрэг зарим нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаанд гарчээ.
Ховдынхон одоогийн байдлаар 43.5 тонн жимс жимсгэнэ хураан авч, зах зээлд нийлүүллээ. Үүнээс хамгийн их буюу 38 тонн жимс жимсгэнийг Булган сумынхан хураан авсан байна.
Мөн Ховд аймгийн Булган суманд анх удаа цагаан будаа тариалсан бөгөөд удахгүй шинэ ургацаа хураахаар төлөвлөснөөрөө онцлогтой.
Ховд аймагт 3200 гаруй газар тариалан эрхлэгч бий. Тэд жилд дунджаар 25-30 мянга гаруй тонн ургац хураадаг.
Энэ жилийн ургац хураалтын ажил аравдугаар сар хүртэл үе шаттай үргэлжилнэ.