ХӨВСГӨЛ: Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-07 23:28:39

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн 1 иргэн нас барж, 22 иргэний PCR шинжилгээ эерэг гарсан тул Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, гарах хөдөлгөөнийг 3 хоног хориглолоо.


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 7 хоног зогсоолоо.


Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй цахим хэлбэрээр зохион байгуулна.


Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 8 хүртэлх настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.


Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23 цагаас 9 сарын 10-ны өдрийн 23 цаг хүртэл  зогсоолоо.


Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна. 


 


 

関連ニュース