Улаанбаатар хотод нэг кг үхрийн цул мах дунджаар 24586 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-12 09:33:06

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2025 оны 7 дугаар сард инфляцын түвшин 8.1 хувь гарчээ. Түүний 2.1 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотод 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна


Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 11.3 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 15.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 9.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Талх, гурил, будааны бүлгийн үнэ 4.1 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 5.8 хувиар, гоймонгийн үнэ 17.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.


Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2024 оны 7 дугаар сард 4.4 хувь байжээ. Харин энэ оны 7 дугаар сард 9.3 хувь болж, өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 4.9 нэгж хувиар нэмэгджээ.


Нийслэлийн инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.5 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар нөлөөлсөн аж.


Улаанбаатар хотод хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 88 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас өсөж, 35 бараа, үйлчилгээний үнэ буурчээ. Харин 295 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнгүй.


Худалдаалж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ энэ оны 7 дугаар сард 24586 төгрөг болжээ. Энэ 2023 оны 7 дугаар сарынхаас 13.4 хувиар, 2024 оны 7 дугаар сарынхаас 19.2 хувиар өсжээ.


1-р зэргийн гурилын дундаж үнэ энэ оны дугаар сард 2366 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 7 дугаар сараас 1.1 хувиар, 2024 оны 7 дугаар сарынхаас 4.2 хувиар тус тус буурчээ.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ энэ оны 7 дугаар сард 2590 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны 7 дугаар сарынхаас 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ бүх аймагт 2024 оны мөн үеийнхээс 4.0-11.7 хувиар нэмэгджээ. Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний Хөвсгөл аймагт 4.0 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 11.7 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.

関連ニュース