Сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, анги засварын ажил 82 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-11 16:31:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.


Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин ярихдаа, “Нийслэлийн боловсролын салбарт энэ онд барилга байгууламжийн 139 төсөл хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилд 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна. Мөн энэ ондоо багтааж 20 барилга ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр есдүгээр сарын нэгэн гэхэд нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, цэцэрлэгт 7500 гаруй орыг нэмэгдүүлэх юм. Харин 2026 онд 30 сургууль шинээр барихаар төлөвлөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Ирэх жил 139 сургууль дээр нэмээд 30 сургууль барина. Нийслэл хотын сургууль цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангахын тулд дахин 62 сургуулийг ашиглалтад оруулж, 2028 онд сургууль цэцэрлэгийн багтаамж, анги дүүргэлт хэвийн хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, анги засварын ажил 82 хувьтай үргэлжилж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээний ажил 56 хувьтай байна. Мөн энэ жил нийслэлийн хэмжээнд 60 тэрбум төгрөгийг төсөвлөж, эрүүл мэндийн салбарт 30 тэрбум төгрөг зарцуулж, сургууль цэцэрлэгийн 40 хувьд нь их засварын ажил хийнэ” гэв.


Энэ хичээлийн шинэ жилд анги засварын ажил хийж, шинэ байртай болсноор сурагчид илүү тохилог, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж, боловсролын чанар, хүртээмж сайжрах юм. 

 

関連ニュース