Л.Маршан дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-07-31 11:11:51

СИНГАПУР, 2025 оны долоодугаар сарын 31 /CNN/. Францын усан сэлэлтийн тамирчин Леон Маршан 200 м-ийн холимог сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг нэг секундээс илүү хугацаагаар эвдэж, Америкийн тамирчин Райан Лохтегийн олон жилийн турш эзэмшсэн амжилтыг шинэчиллээ. 


Тодруулбал, Сингапурт болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдсөн Л.Маршан 1:52.69 минутад барианд орсноор 2011 онд Р.Лохтегийн тогтоосон дээд амжилтыг 1.31 секундээр ахиулсан байна.


Өнөөдөр болох финалын сэлэлтэд илүү өндөр амжилт үзүүлж магадгүй байгаа тэрбээр дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа хүртэхийг зорьж байна. Л.Маршан Парисын Олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн юм.


“Өмнөх рекордоос бүтэн нэг секундээр илүү хурдалж чадсан нь гайхалтай санагдаж байна ... гэхдээ итгэхэд бэрх хэвээр байна. 200 м1:52 минут гэдэг бол "галзуу" үзүүлэлт юм. Би маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай байлаа” гэж франц тамирчин сэтгэгдлээ хуваалцжээ.


Өдгөө 23 настай тэрбээр 200 м-ийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд хэдийн Олимп, дэлхийн хошой аварга болж байсан бөгөөд үүнд эрвээхэй, араар даллах, өврөөр даллах, чөлөөт сэлэлт зэрэг төрлүүд багтсан байна.


Оны эхээр бэртэл авсны дараа тавдугаар сараас тэмцээндээ эргэн оролцож эхэлсэн Л.Маршан өнгөрсөн жил эх орондоо болсон Олимпын хамгийн алдартай тамирчдын нэг болсон формдоо эргэн орсон бололтой.


Олимп, дэлхийн аваргаас 22 медаль, түүний дотор 18 алтан медаль хүртсэн Л.Маршан ирэх ням гарагт болох 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд хурд хүчээ сорино.



関連ニュース