БНМАУ-ын Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Улаангомд босгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хоёр зуу гаруй ардын дууг ард түмний сэтгэлд мөнхөлсөн, алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг нээх ёслол Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хамгийн хүндэтгэлтэй үйл явдлуудын нэг нь боллоо.
БНМАУ-ын Ардын жүжигчин, Ардын Их Хурлын депутат Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөний нээлтэд Увс аймагт ажиллаж буй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд оролцжээ.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлснээр, Улаангом хотын Ойрад театрын өмнөх талбайд босгосон, 3.5 метр өндөр уг хөшөөнд алдарт дуучныг ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүр төрхөөр нь буюу тайзан дээр дуулж буйгаар зохиомжлон уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ.
Ташрамд дурдахад, Г.Түмэндэмбэрэл агсан 1939 онд Увс аймгийн Өндөрхангай сумын Сангарагт төрж, 1956 оноос Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад 40 гаруй жил тасралтгүй ажилласан байна. Нийт 400 гаруй дууг тайзнаа дуулснаас 200 гаруй нь ардын дуу ажээ.