Ховд аймгийн есөн гайхамшиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-21 11:43:59

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт, үзэсгэлэнт газруудаас “Есөн гайхамшиг” хэмээж буй есөн газрын тухай мэдээллийг онцлон танилцуулж байна.    

1. Гурван сэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг.


Агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай.


Нутгийн иргэд тус агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Анх агуйн гайхамшигт зураг дүрслэлийг Ховд аймгийн Манхан сумын нэгэн малчин санамсаргүй олжээ. 


2. Хар- Ус нуур

Монголын том нууруудын нэг Хар-Ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтад авсан.


Энд хун, бор галуу, төрөл бүрийн цахлай, нугас, зуун хурга, хөх, цагаан дэглий, нэн ховордсон хотон зэрэг шувууд зусна. Тус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агваш хэмээх арал юм.   


3. Мөнххайрхан уул

Тус уулыг 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг.


Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино.


Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг хоёр дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс тав дахин их цэвэр усны нөөц хадгалж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг. 


Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог дөрвөн том тархац нутгийн нэг юм. Монгол Улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий.


Мөнххайрхан уулын орчимд урианхай угсаатан оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.

4. Баянзүрхийн буган хөшөө


Энэ нь Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм.


Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ таван өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. 


Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм. Мөн чулуун дээр эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бас байдаг. 

5. Алтан хөхий уул


Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Энэ уул нийт 90.735 га хамран орших ба 2010 онд улсын тусгай хамгаалалтад байгалийн нөөц газрын ангиллаар авсан байна. 


Алтан Хөхийн уул нь далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000м-т орших ба хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхийн уул нь 3350м өндөрт өргөгдсөн. Нутгийн иргэд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж буй. 2005 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.


Алтан Хөхийн уулын ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү, балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Мөн ховор амьтад олон бий.


Тус уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай өмссөн мэт байх нь гайхалтай. 

6. Харуул овоо


Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг нутгийнхан Харуул овоо хэмээн нэрлэж иржээ.


Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж үелүүлэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг.


Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэрээр босгожээ. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим юм. Уг байгууламжийг нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио тэмдэг болгох зорилгоор байгуулсан гэж судлаачид тэмдэглэжээ. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм.

7. Ямаан усны хадны зураг

Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.


Анх 1973 онд Ховд, Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ. Монголын нутагт 22 газарт түрэг бичээс байгаагийн нэг нь энд бий.


Энэ хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны зургуудын дотор чухал байр эзэлдэг.


Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг.  Энэ нь Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээдэг.


8. Цамбагарав уул

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумын заагт орших Цамбагарав уулын 110960 га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.


Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.


Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн мөнх цаст уул юм. Цамбагаравын нуруу нь Их Нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинж бөгөөд судлаачдын тооцоолсноор тус орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98 хувь буюу 185 нь Монгол Алтай болон салбар нуруунд төвлөрчээ.


Эдгээрээс хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130 кв.км талбайг эзэлдэг. Гадаргын усаар элбэг боловч газар доорх усны ач холбогдол нилээд их юм. Цамбагаравын нуруунаас эх авсан голууд нийлээд Ховд голд цутгадаг. Мөсдлийн гаралтай цэвэр цэнгэг нуурууд болон олон тооны булаг шанд, рашаануудтай.


Тус уулыг тусгай хамгаалалтад авснаар Монгол Алтайн мужийн мөнх цас, мөсний ландшафтыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдсэн. 2004 оноос хойш Цамбагарав уулын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалаар ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

9. Ишгэн толгойн хадны зураг


Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхныг Ишгэн толгой гэнэ.


Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино. Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалжээ. Цэнхэрийн голын хөндийд хүн эрт цагаас нутаглан ан гөрөө хийж амьдарч өөрсдийн хийж хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлан бүтээсэн урлаг соёлын гайхамшигт дурсгалаа үлдээжээ.


Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой. Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт юм.


Ишгэн толгойн хадны зураг, Чандмань хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв зохиомж, дүрсэлсэн арга барил бүх талаараа адил. Хойд цэнхэрийн агуй, Шишкиний хясааны дээд палеолитын үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр арга барил, дүрсэлсэн амьтад зэргээс эдгээр зургийн он цагийн дээд палеолитын үеэр тогтсон байна.







関連ニュース