Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-18 12:17:52

 Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс тавыг нь бүрэн унтраажээ.

 

Онцгой байдлын алба хаагчид одоогоор хоёр түймрийг цурманд оруулж, дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж буй аж. 

 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд хэлэхдээ, "Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын "Агуйт"-д гарсан ой хээрийн хоёр түймрийг цурамд оруулсан, мөн аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц", “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын "Шарлангийн эхийн баруун" гэдэг газар гарсан түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Онцгой байдлын байгууллага,орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна” гэв.

 

Он гарсаар обьектын гал түймрийн 2814 удаагийн тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 26.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин баяр наадмаар энэ төрлийн ослыг 45 удаагийн тохиолдол бүртгэгдснээс  нэг иргэн амиа алдсаныг ОБЕГ-аас мэдээллээ. 

 

関連ニュース