“Чингис хаан” нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-02 12:32:08

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  “Чингис хаан” олон улсын нисэх буудал энэ оны дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтад анх удаа багтжээ.


Энэхүү жагсаалтыг агаарын тээврийн салбар дахь нэр хүнд бүхий Skytrax байгууллага гаргадаг бөгөөд зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг. Манай улс Казаxстаны Алматы, Тайландын Бангкок, Их Британийн Лондон Гатвик, Тайванийн Таоюань зэрэг бүс нутгийн томоохон төвүүдтэй зэрэгцэн үнэлэгджээ. 


Чингис хаан нисэх буудал 2021 онд ашиглалтад орсноос хойш үйлчилгээгээ шат дараатай сайжруулсаар ирсэн. 2024 оноос эхлэн автомат бүртгэл, зорчигчийн урсгал удирдлагын систем, ухаалаг мэдээллийн самбар зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж, олон улсын үнэлгээний байгууллагуудаас эерэг дүгнэлт авч эхэлжээ. Мөн “One ID” системийг үе шаттай нэвтрүүлж буй нь зорчигчийн нэвтрэх процессыг хялбарчилж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах нөхцөл бүрдүүлж байна. Цаашид олон улсын зорчигчдын гол зангилаа болох зорилтын хүрээнд бүс нутгийн төвүүдтэй өрсөлдөхүйц түвшинд үйлчилгээгээ улам сайжруулна. Энэхүү амжилт нь зөвхөн дэд бүтэц бус, менежмент, стандарт, хэрэглэгчийн туршлагыг олон улсын түвшинд ойртуулсны илрэл боллоо хэмээн Зам, тээврийн яам мэдээлэв.

 

Энэ оны жагсаалтыг Берлиний Бранденбург, Алматы, Бангкок Суваннапум, Лондон Гатвик зэрэг буудал тэргүүлж байна. Мөн жагсаалтад Филиппиний Себу, Доминиканы Пунта Кана, Энэтхэгийн Мумбай зэрэг Азийн болон далайн бүсийн орнууд багтжээ. 

関連ニュース