“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын сонгон шалгаруулалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-30 14:50:30

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Олон улсын хот төлөвлөлтийн жишгийн дагуу “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн зарлажээ.


Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжих юм. “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал”-ыг боловсруулахдаа тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, орчин үеийн ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлж, Монгол Улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан, хүн төвтэй, амьдрахад таатай орчин бүхий хот байхаар төлөвлөх юм. Энэхүү сонгон шалгаруулалтад дотоодын болон олон улсын зураг төслийн байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдэг таван байрыг шалгаруулна. Тус үзэл баримтлалыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг олон нийтэд нээлттэй байдлаар зарлаж дотоод, гадаадын экспертүүдээр бүрдүүлэх юм.


“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах сонгон шалгаруулалтад олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын оролцох багуудын бүртгэл энэ оны долоодугаар сарын 3-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цагт дуусна. Тус хугацаанд бүртгэлээ баталгаажуулснаар үзэл баримтлал боловсруулах ажлын даалгавар болон төлөвлөлтөд ашиглах материалуудыг татаж авах юм. Мөн оролцох эрх авснаар үзэл баримтлалыг боловсруулж эхлэх бөгөөд 11 дүгээр сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл боловсруулсан материалыг зургийн даалгаварт заасан шаардлагын дагуу цахимаар хүлээн авч сонгон шалгаруулалтын үнэлгээг гурван үе шаттай явуулж нийлбэр дүнгээр шилдэг бүтээлүүдийг шалгаруулж олон нийтэд нээлттэй хот төлөвлөлтийн үзэсгэлэнг зохион байгуулах аж. 

関連ニュース