Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдаар цэргийн бус хүнийг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-24 15:43:25

СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 24. /Yonhap/. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдаар сүүлийн 64 жилийн хугацаанд анх удаа цэргийн мэргэжил эзэмшээгүй хүнийг томилжээ. Тодруулбал, даваа гарагт буюу өчигдөр Ерөнхийлөгч Ли Жэ Мён Ардчилсан намын хууль тогтоогч Ан Гю Бэгийг тус албан тушаалд томилсон байна. 


“Сүүлийн 64 жилийн хугацаанд анх удаа цэргийн бус хүний хувиар Батлан хамгаалахын сайдыг албыг хаших Ан нь армид хийх шинэчлэлийг удирдан чиглүүлж, хяналт тавьж чадна гэдэгт итгэж байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ган Хун Сиг мэдэгджээ.


Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл өнгөрсөн оны 12 дугаар сард онц байдал зарлаж, өөрийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхэд саад хийхийн тулд парламент руу цэргүүдийг илгээсний дараа Өмнөд Солонгосын цэргийнхэн онцгой анхааралд өртжээ. Мөн сард парламентаас Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах санал гаргасан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн шүүх уг шийдвэрийг баталсан юм.


Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён онц байдал зарлахад гол үүрэг гүйцэтгэжээ. Бослого үймээн дэгдээсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул тэрбээр цагдан хоригдож байгаа юм.


Ан Гю Бэг нь Өмнөд Солонгосын парламентын Батлан хамгаалахын хороог удирдаж байсан Ардчилсан намын туршлагатай улстөрч ажээ. 


Ли Жэ Мён Батлан хамгаалахын сайдаас гадна засгийн газрын 10 сайдыг томилсон байна. Сайдын албан тушаалд нэр дэвшигчдийг одоо парламент батлах ёстой.



関連ニュース