Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-20 15:29:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан мэндчилгээ дэвшүүлсэн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарт талархаж буйг уламжлахыг хүслээ.


Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал.  Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын ЗГХК-ын удирдлагууд уулзаж хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түүнчлэн тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг онцлов. Мөн энэ сарын сүүлээр Беларус Улсын нийслэл Минск хотноо болох Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж буйг тэмдэглэв. 


Элчин сайд А.Н.Евсиков Ерөнхий сайд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа болон худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, танилцууллаа.   


Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцолсон юм.  

関連ニュース